Wednesday, November 7, 2012

1:1 библийн хичээл хэрхэн хийх вэ?


"Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж,...” (Матай 28:19)
Дагалдагчийг өсгөх ажилд “юуг заах вэ?” гэсэн сургалтын агуулга нь чухал боловч, “хэрхэн заах вэ?” гэсэн практик аргачлал ч бас чухал байдаг. Гэвч эдгээрээс илүү чухал хүчин зүйл нь “багш” өөрөө байдаг билээ. Сайн мод л сайн үр жимс төрүүлдгийн адилаар зөвхөн сайн багш л сайн шавийг төрүүлдэг. Энэхүү зарчим нэгийг харьцах нэгийн библийн хичээлээр дагалдагч бэлтгэхэд ч мөн хэрэгждэг. Өнгөцхөн харвал, асуудлууд нь зөвхөн хоньдод байдаг мэт санагдавч, сайтар нягталж үзвэл асуудлын бараг 90% нь хоньчноос хамааралтай байдаг байна. Тэгвэл хоньдод хандах хоньчны хандлага ямар байх хэрэгтэй вэ?


1.     Нэгийг харьцах нэгээр дагалдагч бэлтгэхийн утга учир     


Үхлээс амилсныхаа дараа Есүс Өөрийн дагалдагч нартаа агуу захирамж өгсөн билээ. "Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж,...” (Матай 28:19). Энэ бол үнэхээр гайхалтай агуу тушаал гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй биз.

Тэгвэл бид яаж энэ агуу захирамжийг дуулгавартайгаар дагаж чадах вэ? UBF чуулганыг үүсгэн байгуулагч Др.Ли Самуел (Samuel Lee) 1981 онд болсон WMR (Дэлхийн Илгээлтийн эздийн Хурал) дээр “Нэгийг харьцах нэгийн библийн хичээл нь дагалдагч бэлтгэх хамгийн үр өгөөжтэй сайн арга” хэмээн онцлон тэмдэглэжээ. Нэгийг харьцах нэгийн библийн хичээл нь үнэндээ UBF чуулганаас санаачлан гаргасан арга биш, харин энэ нь Бурханы өөрийнх нь хэрэглэдэг арга юм.

“Эхлэл” номоос үзвэл Бурхан гэмд унасан хүн төрөлхтөнийг аврах ажлаа хийж эхлэхдээ “хөгширсөн” хонь Абрахамтай Нэгийг харьцах нэгийн библийн хичээл хийжбайсан. Бурхан Абрахамд 25 жилийн турш нэгийг харьцах нэгээр тусласнаар түүнд зөвхөн Бурханд итгэн найдаж, Түүнийг хүндэтгэх сэтгэлийг суулгасан учир Абрахам бүх үндэстэнд ерөөлийн үндэс, итгэлийн өвөг болжээ. Үүний үр дүн нь үнэхээр гайхалтай байлаа. Бурхан Абрахамыг тусгайлан нэгийг харьцах нэгээр өсгөснөөр Абрахамаас тэнгэрийн одод мэт, далайн эргийн элс мэт тоймгүй олон итгэлийн үр удам төрөн гарсан.

Бид мөн “Египетээс гарсан нь” номыг үзвэл агуу удирдагч Мосетой уулзах болно. Тэрээр яаж гайхамшигтай чөлөөлөлтийн удирдагч болж чадав аа? Үүний учир нь Бурхан Мосе гэгч “нэг хүн”-д үргэлж нэгийг харьцах нэгээр тусалж байсанд байгаа юм. Ийнхүү Бурхан “ганцаарчлан” тусласнаар Мосе зөвхөн агуу чөлөөлөлтийг удирдаад зогссонгүй, мөн Библийн Эхлэл, Египетээс гарсан нь, Тооллого, Левит, Дэд хууль номуудыг хүртэл бичсэн. Есүс ч гэсэн энэ дэлхийд ирээд “нэг хүн” Петр, Иохан, Иаков зэрэг 12 дагалдагч нартаа тус бүрд нь нэгийг харьцах нэгийн хоньчин болж, тэднээр дамжуулан бүх хүн төрөлхтөнийг аварна гэсэн алсын хараатай байсан. Элч Паул ч бас Ромын шоронд хоригдож байхдаа хийсэн нэгийг харьцах нэгийн библийн хичээлээр дамжуулан Сайн Мэдээгээр Ромын эзэнт гүрнийг байлдан дагуулж чадсан (Үйлс 28:30,31).

Дээрх жишээнүүдээс бид нэгийг харьцах нэгийн библийн хичээлээр дагалдагч бэлтгэх нь ямар их боломжийг бидэнд өгч байгааг харж болно. Массын (бөөний) үйлдвэрлэлийг эрхэмлэж, “их тоонд” дуртай болсон өнөө үед энэхүү нэгийг харьцах нэгийн библийн хичээл нь магадгүй үр дүн багатай арга мэт санагдаж болох юм. Гэвч Бурханы “нүдээр” харвал нэгийг харьцах нэгийн библийн хичээл нь нэг хувь хүний сүнсийг жинхэнэ утгаар нь нандигнан үзэж, Есүсийн агуу захирамжийг биелүүлж чадах Бурханы агуу стратеги юм.

2.     Хоньчинд байх хандлагын тухай

Хоньтойгоо сайн харилцааг тогтоох ёстой

Нэгийг харьцах нэгийн библийн хичээл нь нэг хүнтэй харилцаа тогтоосноор эхэлдэг гэж хэлж болно. Тиймээс хоньтойгоо сайн харилцааг тогтоох нь маш чухал юм. Тэгвэл “сайн харилцаа” гэдгийг бид юу гэж ойлгох вэ? Энэ нь нэг үгээр хэлбэл хайр ба итгэлцлийн харилцаа юм. Ийм харилцааг тогтоохоос нааш Бурханы үгийг болон өөр олон зүйлсийг хичнээн их заасан ч гэсэн хоньдууд үүнийг зүрх сэтгэлийнхээ угт хүлээж авдаггүй.

Тэгвэл бид хэрхэн хоньтойгоо сайн харилцааг тогтоож чадах вэ? Энэ асуултын хариултыг олохын тулд эхлээд Есүс хэрхэн хоньдтойгоо сайн харилцааг үүсгэж байсныг харъя.

Есүс ба Самари эмэгтэйн харилцаанаас (Иохан 4:7)

Самари эмэгтэй – Дотоод сэтгэлдээ олон асуудал шархтай байв.

Есүс – Урьтаж анхаарлаа хандуулав. Энэ нь нэг хүний сүнсийг өрөвдөх хоньчны сэтгэл юм.

– Ус өгөөч гэж гуйсан. Энэ нь төлөв даруугаар өөрийгөө дорд тавьсан сэтгэл юм.

– Хүний гаднах байдлаас илүүтэйгээр дотоод сүнсийг нь хүндэлсэн.

Үүний үр дүнд Самари эмэгтэй Есүсийн өмнө сэтгэлийнхээ үүдийг нээж ярилцаж эхэлснээр харилцаа тогтов.

Хоньдтой харилцаа тогтооход хамгийн хэцүү тохиолдол

Ж:Дуугүй хоньд

– Толгой унжуулан юу ч ярихгүй сууна. Хоньчин нь хичнээн их ярьсан ч хааяа  л нэг инээмсэглэхээс өөр нүүрний хувиралгүй сууж байна. Юм асуухаар “мэдэхгүй” гэж хэлээд дахиад дуугаа хураана. Бид иймэрхүү хоньдтой тааралдвал тэд гаднаа юу ч ярихгүй байгаа боловч дотроо их зүйлийг ярьж байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Үнэндээ тэд дотроо бидний бодсоноос илүү ихийг ярьж байж ч мэдэх юм. Тийм учир хоньчин хонио санаа зоволгүй ярьж чадахуйц уур амьсгалыг бүрдүүлж, илүү идэвхтэй харилцаа тогтоохын тулд хичээнгүйлэн мэрийх хэрэгтэй. Яавал ийм харилцааг тогтоож чадах вэ? Эхлээд түүний яагаад ярихгүй байгаа шалтгааныг тунгаан бодох хэрэгтэй. “Би төрөлхийн дуугүй хүн” гэдэг хүнд ч гэсэн дуугүй болоход ямар нэгэн үйл явдал, нөхцөл, дотоод сэтгэлийн асуудал нөлөөлсөн байдаг. Зарим хоньд дотоод сэтгэлдээ хэнд ч хэлмээргүй шархтай байдаг учир ярьдаггүй. Харин хоньд үүнийгээ чадамгай нуудаг. Тэд ямар ч асуудалгүй юм шиг, юу ч болоогүй юм шиг, бүгдийг ойлгож байгаа мэтээр их ярьдаг. Гэвч жинхэнэ ярих ёстой зүйлээ ярьдаггүй учир тэднийг дуугүй хоньд гэж үзэж болно. Хоньчин маань намайг ойлгохгүй гэсэн бодлоосоо болж өөрийнхөө тухай ярихгүй байх нь их байдаг. Санаа бодлоо сайн хуваалцдаг байсан хүн гэнэт ярихаа больчихдог нь заримдаа хоньчиндоо үл итгэснээс, эсвэл ярьсан ч гэсэн миний яриаг ойлгохгүй, намайг мэдэхгүй гээд хоньчиндоо итгэхгүй байхаас болдог. Ийм байвал яаж ярих вэ?

Тэгэхээр иймэрхүү үл итгэлийг төрүүлэхгүйн тулд ярьж байгаа хүнээ анхааралтай сайн сонсох нь чухал юм. Хониныхоо ярихыг хүсэж байгаа бүх зүйлийг дуустал чих тавин сонсох хэрэгтэй. Хонь тань ярих гэж байгаа зүйлийнхээ голд нь ч ороогүй байхад сайн ойлгоогүй хэрнээ бүгдийг ойлгосон мэт яриаг нь тасалж, хамаагүй юм ярьж, ярианы чигийг өөрчлөх нь түүний сэтгэлийн үүдийг тагладаг.

Заримдаа хайрын харилцаа тогттол хоньчноо шалгах гээд удаан хугацаагаар сэтгэл доторх зүйлээ ярьдаггүй үе ч байна. “Энэ хүн үнэхээр намайг хайрлаж байна уу? Аль эсвэл надад үйлчилснээр өөртөө алдар, хүндлэл олохыг хүсэж байна уу?” гэдгийг хоньд маш няхуур хянаж ажигладаг. Хоньчны өөрт нь хандаж байгаа анхаарал халамж ямар нэгэн “алба хашихад” чиглэгдэж байгаа гэсэн мэдрэмж хоньдын сэтгэлд төрвөл хоньдын сэтгэл хамгийн ихээр шархалдаг. Хоньдоо нэг л удаа иймэрхүү сэтгэгдэл төрүүлбэл энэ нь хайр ба итгэлцлийн харилцаа тогтооход маш их саад болдог. Ийм учир хоньддоо хандсан хоньчны хандлага цэвэр ариун байх ёстой. Ө.х., бүхнийг түүний төлөө гэсэн тодорхой зорилготой байх ёстой. Хоньдтой ямар нэгэн байдлаар библийн хичээл хийх болсон нь тэр хонь библийн хичээл хийх дуртайдаа хийж байгаа хэрэг биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Хоньд хичээл хийхдээ Библи зааж байгаа хоньчин маань ямаршуу хүн бэ? гэдгийг маш анхааралтай ажигладаг. Тийм учир “Би түүнээс ах” гээд хамаагүй харьцалгүйгээр түүнийг хүндэтгэсэн сэтгэлээр, бүх талаар санаа тавьж, болгоомжтой хандах хэрэгтэй. Хоньчин хоньтойгоо сайн харилцаа тогтооход зөвхөн нэгийг харьцах нэгийн библийн хичээлийн цаг хангалтгүй. Нэгийн харьцах нэгийн библийн хичээл хийх гэх мэтээс гадна зүгээр чөлөөт цагаа хамт өнгөрүүлэх нь ч хэрэгтэй. Зарим үед хамт кофе ууж, сонин хачин зүйл болон жирийн амьдралын тухай ярилцах нь сайн. Байцаагч мэт үргэлж түүний тухай л асуугаад байлгүйгээр сургууль дотор, тоглоомын газар, гал тогоо гэх мэт хаана л бол хаана ойр дотно найрсаг харилцаа тогтоохыг хичээх хэрэгтэй. Заримдаа хамт хооллож ярилцах нь дотносох сайн арга юм.

·         Хониноосоо суралцахыг хичээх хэрэгтэй

Нэгийг харьцах нэгийн библийн хичээлийг хийж байхад тулгардаг хэцүү асуудлуудын нэг нь тухайн хонь ямар хүн бэ? гэдгийг мэдэх явдал юм. Энэ хонь ямар хүн бэ? гэдгийг мэдсэнээр түүнд тодорхой чиглэлийг өгөх зарлигаар тусалж чадна. Харин үүнийг мэдэхгүй бол тодорхой чиггүй, бүрхэг нэгийг харьцах нэгийн библийн хичээл хийхээр өөр аргагүй болдог. Энэ үед хонь зарлигаас хайр ивээлийг авч чадахгүй ба хоньчин ч хониныхоо зүрх сэтгэлд зарлигийг гүн суулгаж, дагалдагчаар өсгөхдөө мухардахад хүрнэ. Тэгвэл бид яаж хоньдынхоо тухай сайн мэдэж авах вэ?

Үргэлж суралцах сэтгэлтэй байх хэрэгтэй. Хониноосоо суралцана гэдэг бол түүнийг сайн судлах явдал юм. Гэхдээ судална гэдэг нь хонио шинжилгээний ширээн дээр тавиад ажиглан, задлан шинжлэнэ гэсэн үг биш ээ. Харин яавал сайн тусалж чадах вэ? гэсэн сэтгэлээр аажим аажмаар мэдэж авах хэрэгтэй. Гэвч энэ нь богино хугацаанд бүтчих зүйл ерөөсөө биш. Бас хичнээн таньж мэдлээ ч гэсэн хүний дотоод сэтгэлийг бүрэн танин мэдэж чаддаггүй. Нэг хонийг оюутан байх хугацаанд нь 4 жилийн турш ажиглан, өссөн орчин, гэр бүлийн байдал гэх мэтийг судалж, янз бүрийн тохиолдлоос түүний тухай ойлгон, тухайн хүний давуу тал болон сул тал, ааш зан, өвөрмөц онцгой чанар болон итгэлээр өсөх боломжийг бага ч гэсэн мэдэж авдаг. Ингэснээр сайн туслах болно.

Хонио ойлгож мэдэхэд юу юунаас ч илүү чухал зүйл нь залбирал юм. Бид хонио ажигласнаар мэдэж авсан зүйлийг зүйрлэвэл ердөө л анхан шатны материал төдийхөн. Үүнийгээ Бурханы өмнө авч очоод гуйхад Ариун Сүнс хоньчинд тусалж, түүний тухай улам сайн ойлгуулж өгдөг. Энэ үед л жинхэнээсээ тэр хонийг мэдсэн гэж хэлж болно. Ингэснээр бид хониныхоо сүнсний байдлын талаар баримжаа авч чадах юм.

Мөн хонио ойлгож мэдэхдээ хоньчин зарим үед ноцтой алдаа гаргах аюул байдаг. Эмч өвчтөнийг эмчлэхдээ оношийг тогтоохын тулд янз бүрийн шинжилгээ хийдэг. Шээсний шинжилгээ, цусны шинжилгээ, рентген зураг авахаас эхлээд компьютерээр бичлэг хийх гэх мэт нарийн мэргэжлийн шинжилгээ хийдэг болсон. Сайн эмч зөв онош тогтоохыг хичээдэг. Харин хариуцлагагүй эмч нарийн шинжилгээ хийлгүйгээр хурдан оношилж үүндээ бат итгэдэг. Ийм эмчээр буруу оношлуулсан хүн ямар ч эмчид итгэдэггүй аюултай “өвчин” тусна. Үүнтэй адил хоньчин өөрийнхөө туршлагад түшиглэн “Хонины маань асуудал яг энэ мөн” гэж хурдан онош тавьдаг. Хониныхоо яриаг гүйцэд сонсоогүй мөртлөө таны асуудал яг үүнд байгаа учир ингэх хэрэгтэй, тэгэх хэрэгтэй гэж, бас хоньдоо үүнийгээ зөвшөөрөхийг тулгадаг. Хэрвээ онош таараагүй бол хониныхоо итгэлийг алдана. Нэг л удаа хониныхоо итгэлийг алдвал тэр хонь бусад хоньчдод ч итгэж чадахгүй болж, хэн ч түүнд туслах аргагүй болно. Тийм учир хоньчин хоньдоо анхаарал тавьж, түүнээс суралцах гэсэн даруу сэтгэлтэй байх ёстой. Хониныхоо яриаг дуустал анхааралтай, тэвчээртэй сонсох хэрэгтэй. Өөрөө онош тавихаасаа өмнө Бурханы өмнө очоод залбирлаар шалгуулан, Ариун Сүнсээр зөв оношийг тавиулах хэрэгтэй. Үнэхээр яахаа ч мэдэхгүй байвал “ахмад” хоньчноос даруу сэтгэлээр асууж, зөвлөгөө авах нь мэргэн арга юм. Бид нэгийг харьцах нэгийн библийн хичээл хийхдээ өөрөө ч анзааралгүй “заах” гээд байдаг сэтгэлгээтэй болчихдог. Хоньчин “заавал заах ёстой” гэж бодвол хонь үүнийг мэдрээд сэтгэл нь дарамттай болдог. Мөн хоньчин ч гэсэн дарамттай байдалд ордог. Гэвч бид даруу сэтгэлээр хамтран суралцах гэсэн байдлаар хандвал таагүй уур амьсгал арилж, хонь тайван сэтгэлээр суралцах болно. Бас та өөрөө түүнийг хүндэтгэх сэтгэлээр үйлчилбэл хонь тань ч аяндаа таныг хүндэтгэн дагах болно.

·         Хүн болгонд тохирсон эмчилгээ хэрэгтэй (case by case)

“Ерөнхий эмчилгээ” гэдэг эмчилгээний арга байдаг. Энэ нь оношийг нь тодорхой мэдэхгүй атлаа юуны туханд хүрэлгүй антибиотикийг уулгахыг хэлдэг. Яагаад гэвэл антибиотик нь бүх өвчинд хамаардаг юм. Зарим тохиолдолд санамсаргүй тохиолдлоор өвчинд таарсан эмчилгээ болж эдгэх үе байдаг. Гэхдээ хэрвээ тохироогүй бол хүнд антибиотикийг тэсвэрлэх дархлал бий болдог учраас илүү хүчтэй эм ч үйлчлэхээ больдог.

Бид хоньтойгоо хичээл хийхдээ түүнийг сайн мэдэхгүй бол ерөнхий эмчилгээнд ордог. Тухайн хонины асуудлыг мэдэхгүйгээр Бурханы үгийг ерөнхийлөн тайлбарлаад, “эдгээрийн аль нэгнээс хайр ивээл авч магадгүй” гэсэн бодлоор хичээлд ханддаг. Ингэвэл хонь Библийн талаар ерөнхий мэдлэгтэй л болдог ба Бурханы үгийг чин сэтгэлээр хүлээн зөвшөөрөх, гэмших зэргийн эсрэг дархлалтай болдог. Эцэст нь толгойдоо их мэдлэгтэй дүр эсгэсэн итгэгч болох юм уу, библийн хичээлийг тойруулан ярьж, дорой сэтгэлээр хийж байгаад сүүлдээ итгэлээ орхиход хүрдэг. Хэдийгээр удаан хугацаагаар библийн хичээл хийсэн боловч сүнсээр өсөхгүй, амьдрал дээрээ ч өөрчлөгдөхгүй хэвээрээ байгаа хоньдын асуудал нь гол төлөв тэднээс өөрсдөөс нь биш, харин “ерөнхий эмчилгээ”-ний аргаар хичээл хийдэг хоньчноос болдог гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Хонио танивал асуудлыг амархан шийдвэрлэх боломжтой боловч анхнаасаа шууд л хонио бүрэн мэдэж чаддаггүй.

Тэгвэл бид энэ асуудлыг хэрхэн даван туулах вэ?

Иймэрхүү үед хоньчин чинь тантай нэгийг харьцах нэгийн библийн хичээл хийсэн тэр аргаар хийх гэж зүтгэж болохгүй. Нэгийг харьцах нэгийн библийн хичээлийн хязгаарлагдмал цагийн дотор, нэгэн дор өөрийн сурснаа бүгдийг заах гэвэл цаг их авч, хичээл ч уйтгартай болж, зөвхөн хоньчин нь ярьсаар байгаад л дуусдаг нэгэн хэлбэртэй болдог. Хоньчин хүн хонь нь өгсөн бүгдийг идэж чадахгүй гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Балчир хүүхэд өсөхдөө шим тэжээлтэй хоол идэх ёстой боловч, ходоод гэдэснийхээ хэмжээнд захирагддаг. Тиймээс хоньчин хүн библийн хичээлийн төлөө хичээнгүйлэн залбирснаар хонио бага ч гэсэн мэдэж, зарлигийн хэмжээг багасгаж, болж өгвөл нэг зүйлд төвлөрч заах хэрэгтэй. Бас хичээл хийх явцад хонь ойлгосноо ярих боломж ч гарна. Энэ үед хонийг илүү их яриулан, түүний хайр ивээл авч байгаа Бурханы үгийг илүү гүнзгий зүрх сэтгэлд нь суулгахыг хичээх хэрэгтэй. Заах зүйлийн талаар биш ч гэсэн түүний сонирхол татаж байгаа Үгийн тухай илүү ярилцах нь зөв. Ийм учраас хоньчин байнга илүү мэдрэмжтэй хандах ёстой. Хонь ямар нэгэн хэмжээнд хүртэл өссөний дараа өөрөө илүү сурах хүсэлтэй болдог. Тэр үед янз бүрийн зүйлсийн талаар зааж өгч болно. Энэ хэсэгт хэлэх гэсэн гол зүйл бол хоньчин мэдэж байгаа бүх зүйлээ нэг мөсөн өгөх гэдэг хандлагаа орхиж, хоньдод хамгийн тохиромжтой Үгийг өгөхөд анхаарлаа бүрэн хандуулж хичээл хийх хэрэгтэй.

Янз бүрийн хоньд байдгаас заримынх нь талаар одоо жаахан ярилцъя.


а) Нэг загварт орсон итгэгчийн амьдрал


Иймэрхүү хүмүүс Библийн талаар нилээд мэдлэгтэй боловч, авралын хайр ивээлгүй, итгэгчийн амьдралаар ёс төдий амьдарч байгаа хүмүүс юм. Урьд нь өөр сүм чуулганд явж үзэлгүй, анхнаасаа UBF чуулганд ирээд хоньчин болсон хүн иймэрхүү хүмүүст туслахад хэцүү санагддаг бөгөөд ихэнхдээ буруу оношилдог. Тиймэрхүү хүмүүс заримдаа “UBF чуулган яагаад байшингийнхаа орой дээр загалмай өлгөдөггүй вэ?”, “Яагаад жирийн итгэгч пастор биш хэрнээ Бурханы үгийг тунхаглаж байна вэ?” гэх зэргийг асуудал болгон авч үздэг. Харин бид тэднийг бүгд адилхан гэж дүгнэхэд эртэднэ. Сүм чуулганд яваад агуу их итгэлээр амьдарч байгаа хүмүүс ч олон байдаг. Тиймээс анх төрсөн иймэрхүү бодлоо орхиод тэднийг ойлгож суралцах байдлаар хандах нь чухал. Юуны өмнө түүнд наашаа ирэх болсон шалтгаан заавал байгаа гэдгийг санаж, урьдаар түүний шалтгааныг олох хэрэгтэй. Тэр ямар нэгэн асуудлыг (бат итгэлгүй, баяр хөөргүй, хоёр нүүр гаргаж байгаа юм шиг санагдах гэх мэт зовлонгоо) шийдэхээр ирсэн нь лавтай. Түүний асуудлыг олж мэдээд, түүндээ тулгуурлан, хоньчин өөрийнхөө авсан хайр ивээл болон “бодит амьдрал дээр яаж амьдарч байна вэ?” гэдгээ гэрчлэн ярьж, түүний асуудалд илүү бодитоор хандах хэрэгтэй. Тэгээд түүний асуудлыг орхилгүйгээр үргэлж тусалж байх нь чухал. Харин асуудал нь бүрэн шийдэгдтэл тусалж чадахгүй бол илүү туршлагатай, түүний асуудалд сайн тусалж чадах хоньчинд өгч туслуулж болно. Бас иймэрхүү хүмүүс нь Есүс болон Бурхантай хувиар уулзаж үзээгүй учраас тэдэнтэй хувийн хайрын харилцаа тогтоох хэрэгтэй. Бас тэдэнд итгэгчийн амьдралаар удаан амьдарсан туршлага байдаг учраас “бүхнийг мэддэг” мэт бахархсан сэтгэлтэй байдаг. Тиймээс түүний эмзэг сэтгэлийг хөндөхгүйгээр, хичнээн хугацаа өнгөрсөн ч хамаагүй тусална гэсэн шийдвэртэй байх хэрэгтэй. Юунаас ч чухал зүйл нь цэвэр ариун сэтгэл юм. Одоо өөр сүм чуулганд явж байгаа хүмүүст туслахдаа библийн хичээлээр дамжуулан Есүсийг сайн сурч сүм чуулгандаа даруу сэтгэлээр үйлчлэхэд нь туслаарай. Тэднийг UBF чуулгандаа ирүүлэх гэсэн зорилгоор хандаж болохгүй. Хонь ямар чуулганд итгэлээр амьдрах нь Бурханы мэдэлд бүрэн байдгийг мэдэх хэрэгтэй. Библийн хичээл тасралтгүй хийж байгаад зарим тохиолдолд UBF чуулганаар дамжуулан хийдэг Campus mission буюу оюутны Сайн Мэдээ түгээх ажлын дуудлага авах хүн байдаг. Харин энэ үед цэцэн цэлмэг ухаанаар анхааралтай хандан энэ бүхнээр Бурхан алдаршиж, бүх хүмүүст хайр ивээл хүртээхийн тулд туслах хэрэгтэй.

б) Юмыг боддоггүй ажилсаг хүн /асуудалгүй гэр бүлд өсөж, өөрийн гэсэн бат итгэлтэй, ёс суртахууны талаар хүмүүжилтэй ажилсаг хоньд/


Иймэрхүү хүнтэй библийн хичээл хийхэд хэзээ ч үл гүйцэлдэх зүйлийн хойноос хөөцөлдөж буй мэт санагдах үе байдаг. Ийм хүмүүс бусадтай эвтэй сайнаар харилцаж, юмыг сайн бодож, сайн хариулдаг боловч, түүний хувьд асуудал нь гэвэл Библи дээр сэтгэл нь хөдлөхөөр зүйл тааралддаггүйд байдаг. Хэдий тийм боловч тэр одоо библийн хичээл хийж байгаа нь түүнд ямар нэгэн асуудал байна гэсэн үг гэдгийг санахад илүүдэхгүй юм. Энэ дэлхийд ямар ч гэмгүй, ямар ч асуудалгүй хүн гэж байдаггүй. Ерөнхийдөө тэдний асуудал нь өөрсдийгөө төвд тавьж амьдардаг. Тиймээс тэдэнд хүний угийн үүрэгтэй амьдрахаар бүтээгдсэн утга учрыг ойлгуулж туслах хэрэгтэй. Хэдийгээр үхлийн тухай, айдсын тухай гүнзгий бодох хэрэгтэй боловч, иймэрхүү хүмүүс нь үүнийг ингэхэд болно, түүнийг тэгэхэд болно” гэсэн маягаар аливаад ханддаг, юу ч боддоггүй хүмүүс юм. Иймээс тэдний сэтгэлд Бурханы үг орох завсар байдаггүй. Иймэрхүү хүмүүстэй нэгийг харьцах нэгийн библийн хичээл тасралтгүй хийснээр аливааг эргэцүүлэн бодоход хүргэж, бодит амьдрал дээр нь тийнхүү өөрчлөх тохиолдолтой учруулахын төлөө залбирах хэрэгтэй. Ийнхүү залбирснаар тэрээр ахиад Бурханы хүмүүстэй уулзаж, аливааг эргэцүүлэн бодох нөхцөл бүрдэх болно.


в) Сүнсний хүсэл байгаа боловч сул доройгоосоо болж амархан унадаг хоньд


Иймэрхүү хоньтой нэгийг харьцах нэгийн библийн хичээл хийхэд бэрхшээлтэй зүйл байхгүй. Тэд амьдралын талаар гүнзгий бодож, ямар нэгэн утга учиртай, үнэ цэнэтэй амьдралыг хүсдэг. Библийн хичээл хийхэд Бурханы үгнээс хайр ивээл сайн авдаг. Бас сэтгэлд нь нуугдаж байсан үнэ цэнэтэй, утга учиртай амьдралын хүсэл мөрөөдөл нь Бурханы ажилд нандинаар хэрэглэгдэх гэсэн сүнсний хүслээр солигдоно. Тиймээс библийн хичээл, сэтгэгдлээр дамжуулан зарлигаас хайр ивээл авбал хүчтэй шийдвэр гаргаж, ямар нэгэн зүйл хийх гэж хичээнэ. Хоньчин ийм хоньтой тааралдсандаа маш их баярлаж хүсэл найдвараа тавих болно. Харин эндээс л асуудал эхэлдэг. Өчигдөрхөн сайн, идэвхтэй байсан хонь нэг л мэдэхэд хэцүү болсон хэвтэж байгаа нь харагдана. Хоньчин маш их сандраад очиж харахад үнэн хэрэгтээ том зүйл ч биш, өчүүхэн зүйлээс “шарх”-даад хэцүү болсныг мэдэх болно. Тэгээд хоньчин жаахан туслахад л хэвтэж байсан “дэвсгэр”-ээ орхиод хурдан босно. Тэрээр библийн хичээлээр дахин хайр ивээл авч, шинэ хүсэл эрмэлзлээр дахин зүтгэдэг. Тэгж байгаад өчүүхэн асуудлаас болж дахиад л унана. Нэг хоёр удаа ч биш, сар, улирал, жил өнгөрсөн ч иймэрхүү байдал нь мөчлөгөөр давтагдана. Энэ үед хонь өөрөө ч “Би ер нь чадахгүй нь ээ” гэсэн бодолд автан Есүсийн дагалдагчийн амьдрал надад тохирохгүй нь гэж халаглана. Хоньчин ч гэсэн цаашдаа туслахад мухардаж цөхрөхөд хүрдэг. Харин энэ үед хоньчин “Есүс гэмээсээ болж ялзарсан бидний сул доройг үүрсэн. Ариун Сүнс бидний сул доройд тусална” гэсэн бат итгэлтэй байх ёстой. Иймэрхүү хоньдод нэгийг харьцах нэгээр туслахад хонь хоньчин хоёулаа амархан унаж болох эгзэгтэй асуудлын нэг нь тэвчээргүй яаруу байх явдал юм. Хонь сул дорой байх тусам өөрөө үүндээ санаа зовж, хурдан энэ байдлаасаа гарахыг хүсдэг. Хоньчин ч гэсэн бусад хоньтой харьцуулбал удаан өсөж байгаа юм шиг санагдаад сэтгэл нь яараад хурдан өсөхийг тулгаж эхлэн, улмаар нэгэн зэрэг олон зүйлийг шаардахад хүрдэг. Гэвч яарах нь сайн зүйл огт биш төдийгүй асуудлыг шийдэхэд саад болохоос өөр ямар ч үр нөлөө үзүүлдэггүй. Сул дорой гэдэг нь дотоод сэтгэл маш сул дорой байхыг хэлдэг. Сул дорой гэдэг бол хэдхэн хүнд л байдаг асуудал биш. Энэ бол шороогоор бүтээгдсэн бүх хүний асуудал бөгөөд хүн тус бүрт ялгаатай байдгийг мэдэх ёстой. Хүн махбодь хийгээд сүнсээр амархан өвчилж шархалдаг гэдгийг ойлгож, эх хүн нялх хүүхдээ хэрхэн асардаг шиг бүх хүнд анхаарал тавьж хандах нь маш чухал. Тэгээд тухайн хоньчин дотоод сэтгэлээр дорой хүний сул талд нь анхаарал тавьж, түүнийг сайн ойлгож, олон зүйл хийхээс нэг зүйлийг бүрэн хийхэд нь тусалбал сайн. “Сул дорой байх нь миний л арчаагүйгийнх” гэж бодож байгаа түүнд өөрийнх нь сул дорой байдал нь Есүсээс хайр ивээл хүртэх, Түүнээс тусламж авах үнэхээр сайхан боломж юм гэдгийг ухааруулах хэрэгтэй. Тэгээд тэрхүү асуудлаар нь дамжуулж Есүсийн тусламж ба ялалтыг биеэр амсуулахын тулд бодит асуудлыг шийдэхэд нь тусалж үргэлж урамшуулах хэрэгтэй. Хоньчин ингэж туслах үедээ хүчтэнийг ичээхийн тулд энэ дэлхийн сул дорой хүмүүсийг дуудсан Бурханы агуу их тааллыг мэдэх болно.


г) Өөрийгөө төв болгон амиа боддог хүн


Библийн хичээл хийхдээ өөрийн хүслийг биелүүлж, амиа бодсон сэтгэлээ хангах зорилготой хүмүүс байдаг. Өнөө үед ч иймэрхүү хоньд элбэг тохиолддог. Ийм хоньдод тусалж буй хоньчинд заримдаа дэмий хоосон ажил хийж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Тэд библийн хичээлийг зөвхөн өөрийн ашгийн талаас л хардаг. Ер нь хүмүүс ийм байдаг боловч энэ хүмүүс нь бусдаас илүү амиа боддог. Тэд өнөөдөр хайр ивээл авч байгаа ч хэрэв өөрөөс нь гарз хохирол гарах өчүүхэн төдий зүйлийг мэдэрвэл библийн хичээлийг хэзээ ч хамаагүй орхиход бэлэн байдаг. Хонь байхад нь энэ асуудал нэг их ноцтой биш юм шиг тооцогдовч, хоньчин болсон хойно нь ч үргэлж хэвэндээ байвал түүний хоньчин санаа зовж эхэлдэг. Гэвч үүнийг хурдхан шийдэх гэхээр хонь библийн хичээлийг шууд орхиж магадгүй гэсэн айдастай, мөн тэр асуудлыг орхино гэвэл бас зовиуртай байдаг. Ийм хоньдыг зөвөөр ойлгох нь түүнд туслахад маш чухал юм. Ам бүл цөөхүүлээ гэр бүлд өссөн хоньдууд ихэвчлэн өөрийгөө төвд тавьж, бүх зүйлийг өөрийнхөө төлөө оршиж байгаа мэтээр ойлгох бөгөөд үүнийгээ мэдээжийн зүйл гэж боддог. Үүнээс гадна түүнийг ийм болгосон өөр шалтгаан ч бас байдаг. Бид үүнийг мэдсэнээр түүнд туслах ямар нэгэн арга замыг олно. “Амиа бодох нь гэм” гэсэн хандлагаар ойртохоос илүү Өөрийгөө төв болгож амиа боддог амьдрал нь хичнээн хязгаарлагдмал, бусдыг хичнээн их шархлуулдаг вэ?” гэдгийг ойлгуулж Есүсийн тухай заах хэрэгтэй. “Зөвхөн өөрийн ашгийн төлөө амьдрах нь аз жаргалтай биш, харин бусдыг аз жаргалтай болгох нь өөрт ч ямар их аз жаргал авчирдаг вэ?” гэдгийг өөрийн биеэр мэдэрч амсах боломжийг олгох хэрэгтэй.

Дүгнэлт: Бид ямар ч хонь байсан түүнд Есүс заавал хэрэгтэй гэдгийг санаж, хоньчны энэрэнгүй сэтгэлээр хандвал туслах зам заавал олдоно гэдэгт итгэж байна. Өөрийнхөө сайн тусалж чадахгүй асуудал гарахад бусад хоньчдоос тусламж авч болно. Эмнэлэгт ч гэсэн нэг өвчтөнийг эмчлэхдээ нэг л эмч эхнээс нь дуустал түүнд ганцаараа тусалдаггүй. Өвчтөний гэр бүл, асрагч, сувилагч, шинжилгээ хийгч, лаборант, бага эмч, их эмч, зөвлөх эмч гэх мэт хүмүүс бүгдээрээ нийлж өвчтөнийг асардаг. Үүнийг “хамтын ажиллагаа” (operation) гэдэг. Хамтын ажиллагаа нь нэг хонины сүнсний асуудалд туслахад маш чухал. Нэгэн үеийн хоньчин байсан ч курсээр, туршлагаар ялгаатай байдаг. Иймээс өөрөө нэг хонийг тэжээхэд, туслах хэмжээнээс хэтэрсэн асуудалтай тулгарч болно. Энэ үед өөрөө ганцаараа хонио бүрэн хариуцаж бүхнийг шийдэх гэвэл эцэст нь үр дүнгүй болж үр жимсийг төрүүлж чадахгүй тохиолдол их байдаг. Энэ үед туршлагатай ахмад хоньчдоос тусламж авбал сайн. Ингэхэд хоньдод илүү сайн тусалж чадна. Үнэндээ ямар ч хонинд ганцаараа сайн тусалж чадахгүй. Нэг их анзаарагддаггүй ч гэсэн олон хүний хамтын зүтгэлээр нэг хонь өсдөг. Жинхэнэ бодит өсөх үндэс нь Есүс Христийн хайр ивээл ба зөвхөн өсгөгч Бурханаар дамжуулан хүн Есүсийн дагалдагч болдог. Үүнийг мэдвэл энэ нь миний хонь биш, Бурхан надад даатгаж өгсөн хонь гэж хүлээн зөвшөөрч, нэг хонинд библийн хичээл, гуйлт, бүх хайрын үйлчлэлээр сайн итгэмжтэйгээр тусалж чадна. Бид ”Бүх үндэстнийг дагалдагч болго!” гэсэн Есүсийн агуу захирамжийг биелүүлэх чадвартай библийн багш, дагалдагч бэлтгэгч болон бэлтгэгдэж, өсөж чадахын төлөө гуйж байна. Амен!

Эх сурвалж: Оюутны Библийн Цуглааны (UBF) архив

No comments:

Post a Comment